2021/03/23

“Хандлагаа өөрчилье”

 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төвийн нийт залуусын дунд “Харилцаа хандлага” сэдвийн дор эерэг ба сөрөг харилцаа, хандлага хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар залууст ойлгуулах, харилцаа хандлага сургалтаар олж авсан мэдлэгээ баталгаажуулах зорилгоор дэвжээ тэмцээн зохион байгууллаа.

        Залуусын дундаас эрэгтэй эмэгтэй холимог 4 баг оролцсон бөгөөд багийн мэндчилгээ, багийн дундах асуулт хариулт, багийн ахлагчдын дундах асуулт хариултын тэмцээн, гэрийн даалгаварт “Үйлийн үр” сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэж өрсөлдсөн.           

        М.Энхжаргал ахлагчтай “Аска” баг асуулт хариултын тэмцээнд амжилттай оролцохын зэрэгцээ залуучуудын төвийн байрны амьдрал, сурагч байх хугацаандаа сурлага хүмүүжилдээ анхаарахгүй бол ирээдүйд хэн болж амьдрах талаар сонирхолтой жүжигчилсэн тоглолт үзүүлж, видео бичлэг хийн тэргүүн байранд шалгарсан. 

       Харилцаа хандлагын талаар залуус өөр өөрсдийн үзэл бодлоо жүжигчилсэн тоглолтоор амжилттай харуулахын зэрэгцээ бусдад ухаарал болохуйц шинэлэг санаа шийдлийг үзүүлж чадсан ач холбогдол өндөртэй тэмцээн болж өндөрлөлөө.




“ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ, ХОР ХӨНӨӨЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 Залуучуудын төвийн нийт залууст тамхины хор нөлөөг ойлгуулах, тамхи татдаг залуусыг тамхинаас гарахад нь сэдэл өгөх зорилгоор “ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ, ХОР ХӨНӨӨЛ” сэдэвт сургалт зохион байгууллаа.

       Тамхи хүний эрүүл мэнд, эдийн засаг, гоо сайханд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар залуустай нээлттэй ярилцаж, тамихинаас гарах аргуудыг зөвлөсөн.

       Сургалтын үеэр тамхинаас гарч хорт зуршлаа хаясан залуусыг сургалтын дундуур гарын бэлэг өгч урамшуулав. Тус сургалтад суусан залуусын 10 хувь нь тамхинаас гарсан үр дүнтэй нөлөөллийн ажил боллоо.







2020/12/15

“КОРОНА ВИРУСЫН ХОР НӨЛӨӨ” ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Дэлхийн олон улсад тархсан шинэ төрлийн covid-19 вирус нь манай улсад дотооддоо илэрч, бүртгэгдсэнтэй холбогдуулан ОУК, ЗГ-ын хуралдаанаар 2020 оны 11 дүгээр сарын 12-оос эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан залуусын өөрсдийн оролцоонд тулгуурлан корона вирусийн нийгэмд үзүүлэх хор нөлөө, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор “Корона вирусийн хор нөлөө” дэвжээ тэмцээнийг зохион байгуулсан.

      Тэмцээнд карантин, вакцин, хар нүдэн гэсэн 3 баг мэндчилгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар гэсэн шалгуураар авьяас, мэдлэг чадвар бүтээлч сэтгэхүйгээрээ өрсөлдсөнөөс хар нүдэн баг шалгарч 1 дүгээр байр эзэллээ.